Monday, August 14, 2017



 1. Төлөвлөсөн зүйлээ гараасаа аль болох хурдан гаргах төлөвлөгөө зохиох Хэрвээ таны хийх зүйлсийн жагсаалтын ихэнх нь тэгж байгаад энэ долоо хоногийн дундуур хийнэ гэх мэт цаг хугацааны хувьд тодорхойгүй байвал та юуг яаж хэзээ хийхээ мэдэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд нийт ажлаа жижиг хэсгүүд болгон хувааж өдөрт, цагт, бүр минутад хувааж төлөвлө. Ингэснээр 7 хоногийн эцэс гэхэд таны төлөвлөсөн том ажил гараас чинь гарсан байх болно.

2. Оройтох тусам таны сэтгэлийн хат, зорилго аажим аажмаар мохож байдаг. Өглөөний эрч хүч буурах тусам анхаарал төвлөрөх бүр л хэцүү болдог гэсэн үг. Ажлынхаа хамтрагчдын үгийг сонсохоос залхуу хүрч, бүр и-мэйлээ шалгахаас хүртэл дүргүй хүрч эхэлдэг. Өдрийн 3 цаг гэхэд оюун ухаанаа ажлын холбогдолтой ямар ч зүйл дээр тогтооход хэцүүхэн болдогийг бид бүгдээрээ л мэдэрч байсан. Өглөө босоод маш чухал, яаралтай гэсэн зүйл дээрээ хамгийн түрүүнд ажил.

3. Анхаарлаа удаан хугацаагаар төвлөрүүлэхэд өөрийгөө бага багаар дасгалжуул Шатар эсвэл ямар нэгэн өөр ээдрээтэй тоглоомыг таныг сорихуйц сайн хүнтэй тоглож анхаарлаа удаан хугацаагаар төвлөрүүлэх чадвараа үргэлж хөгжүүлж бай. Үнэндээ дэлхийн ихэнх боловсролын байгууллагууд сургалтын хөтөлбөртөө шатар тоглохыг нэмж оруулах хүсэлттэй байдаг байна. Яагаад гэвэл шатар нь оюун санаа төвлөрөлт болон ой санамжийг нэмэгдүүлэхэд асар тустай байдаг байна.

4. Ямар нэгэн биеийн тамирын дасгал хийж эхэл. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь биеийн тамираар хичээллэдэг болохыг анзаарсан уу? Учир нь биеийн тамирын дасгал нь тархин дах анхаарал болон ой санамжтай холбоотой хэсгийг цочроож асаадаг байна. 10аас 40 минутын турш биеийн тамирын дасгал огцмоор хийсэн хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт шууд л сайжирсан байна. Энэ нь дасгалаас үйлдэлтэй тархины цусан хангамж ихэссэнтэй холбоотой.



5. Анхаарал тань юунаас болж сарниж байгааг олж мэд. Ажлаа хийж суухын оронд facebook хуудсаа гүйлгэн үзэж суугаа даа гэмшсэн мөртлөө юу ч хийж чадахгүй байна уу? Тэгвэл тэрний оронд анхаарал тань сарниж байгааг хүлээн зөвшөөрч яагаад вэ гэдэг учрыг нь олох хэрэгтэй. Та ядарснаасаа болоод анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна уу эсвэл сэтгэл санааны байдлаас болоод байна уу гэдгийг олж мэдээрэй. Ажлын үеэр утсаа өөрөөсөө холдуулж зарим нэг вэб хуудаснуудыг блок хийгээд үзээрэй.

6. Завсарлага ав Ажлаасаа завсарлага авч сэтгэл санаагаа сэргээж байх нь чухал гэдгийг харуулсан судалгаануудын тоо улам нэмэгдэж байгаа. Учир нь удаан хугацаагаар ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах нь тархийг ядрааж алсдаа ажиллах эрч хүчийг бууруулдаг. Жишээ нь нэгэн судалгаанд анхаарал шаардсан зүйл дээр 50 минутын турш ажиллахдаа 2 удаа завсарласан хүн ямар ч завсарлага аваагүй хүнээс хамаагүй өндөр үр дүн үзүүлсэн байжээ.

7. Facebook-ээ бөөнд нь шалгаж бай. Facebook-ээ дор хаяж 10 мессежтэй болсон үед л шалга! Ингэснээр та ажиллах ёстой чухал зүйлүүддээ анхаарал төвлөрүүлэхийн оронд и- мэйл болон Facebook ээ дахин дахин Refresh хийж суухаас зайлсхийнэ. Тантай яаралтай холбогдох хэрэгтэй хүн Facebook-ээр чинь биш утсаар шууд холбогдоно шүү дээ.

8. Бясалгал хийж сур Нэгэн судалгаа нэлээд хэдэн сарын турш бясалгал хийж тусгаарлагдсан хүмүүс дараа нь аливаа зүйлд анхаарлаа илүү сайн төвлөрүүлж байсныг харуулсан байна. Чимээгүй газар олж, өөртөө тухтайгаар суугаад амьсгалж эхэл. Амьсгаагаа авч байхдаа 6 хүртэл тоолж амьсгаагаа гаргаж байхдаа мөн 6 хүртэл тоолон аль чадахаараа удаан суугаад үзээрэй. Гол нь таны оюун санаа хаашаа сатаарч байгааг анзаарах хэрэгтэй.



9. Хийж буй зүйлдээ анхааралтай хандахыг өөртөө сурга. Хийж буй зүйлдээ анхааралтай хандана гэдэг нь тухайн мөчид болж буй бүх зүйлүүдэд илүү анхаарлаа хандуулж сатаарахгүй байх юм. Ингэснээр та ажилдаа бүрэн автагдах болно. Энэ байдлыг дасгалжуулах энгийн арга бол хийж байгаа зүйлдээ оюун санаагаа бүрэн голлуулж байх юм. Жишээ нь идэж байгаа хоолныхоо үмх бүрт анхаарлаа бүрэн хандуулж түүний амт, температур, ширхгүүдийг бүрэн мэдрэхийг оролд.

10. Хийж байгаа зүйлээ үнэн сэтгэлээсээ сонирх. Хэрвээ хийж байгаа зүйлийн тань сэдэв тийм ч чухал биш бол түүний хэрэглээ, түүх, ухагдахууныг ойлгож мэдэхийг оролдох хэрэгтэй. Уг сэдвийг судалсны дараа та өөрийн салбартаа ямар хувь нэмэр оруулж болохыг бод! Жишээ нь таны ажил хүснэгтэд тоо оруулж суух бол энэ ажил нь танай байгууллагын үндсэн зорилгод ямар ач холбогдолтой, яаж тус болохыг өөртөө сануулж байгаарай.

11. Тэвчээртэй бай. Ямар нэгэн шинэ чадвар эзэмшихэд хугацаа хэрэгтэй учир өөртөө хэт хатуу хандаж болохгүй шүү! Өнөөдөр бүтэлгүйтлээ гэхэд маргааш сайжрана, нөгөөдөр улам сайн болно, харин ирэх долоо хоногт мэргэжлийн болно.

Tuesday, August 1, 2017

Ажлаа зөв зохион байгуулж чаддаг байна гэдэг зарим хүнд амархан юм шиг санагдах боловч:
  • Байгууллагын нягтлан тайлангаа цагийг нь тулгаж хийж эхэлснээс болж өндөр торгууль төлөх,
  • Их сургуулийн оюутан шалгалтдаа хожуу бэлдэж эхэлснээс хагас жилээр төгсөлт нь хойшлох,
  • Менежер цагийн менежментийн төлөвлөлт алдсанаас болж компани өндөр алдагдал хүлээх зэрэг бидний мэдэх нийтлэг, эрсдэлтэй асуудлуудтай олон хүнд тулгардаг.Иймд та бүхэндээ цагийн менежментийн шилмэл арга EISENHOWER-ИЙН MATRIX-ийг танилцуулъя. 
BETTER LATE THAN NEVER. BUT NEVER LATE IS BETTER
АНУ-ын ерөнхийлөгч асан Dwight D.Eisenhower нь цагийн менежментийн мастер гэдгээрээ алдартай нэгэн байсан билээ. Тэрээр бүхий л ажлыг чадварлаг, цаг тухай бүрд нь хийж чаддаг байжээ. Eisenhower өөрийн ажлыг Matrix дээр ЧУХАЛ (Important) болон ЯАРАЛТАЙ (Urgent)-гаар нь ангилан оруулж ХЭЗЭЭ, ХЭРХЭН хийхээ тодорхойлон гаргаж өндөр бүтээмжтэй ажилладаг байсан байна.
Өөрөөр хэлбэл “Eisenhower-ийн matrix”-ийн үндсэн санаа нь өөрийн ширээн дээр бууж ирсэн ажлуудыг Matrix дээр чухал, яаралтай гэсэн нөхцөлд таарахаар нь байрлуулан бичээд дараа нь тухайн ажлаа хэзээ яаж хийхээ тодорхойлох юм.
Жишээ нь: Танд ирэх 8-н сард бэлэн болгох ёстой маш чухал төслийн ажил, ирэх Даваа гаригт захиралдаа өгөх ёстой тайлан, дэлгүүрээс хүнсээ авах мөн танилтайгаа уулзах ажлууд гарч ирсэн байна гэж үзье. Зураг дээрхи matrix дээр байрлуулаад үзээрэй.


Зураг дээр байрлуулах үед таньд юу бодогдсон бэ?
Important, but not urgent/чухал, гэхдээ яаралтай бус 8-н сард бэлэн болох ёстой төслийн ажлыг долоо хоногт тогтмол хийж чадвал төслөө чанар сайтай, яаралгүй дуусгаж чадна.
– Urgent, important/яаралтай, чухал - Захиралд өгөх ёстой тайлангаа өнөөдрөөс яаралтай хийх ёстой.
– Urgent, but not important/яаралтай, чухал бус - Дэлгүүрээс хүнсээ авахаа эхнэр/нөхөр-өөс туслалцаа хүсч болох юм байна.
– Not important, not urgent/чухал бус, яаралтай бус - Танилтайгаа дараа нь боломжтой үедээ уулзах нь зөв юм байна гэсэн шийдвэрүүдэд бичих үед л хүрч байгааг та харж байна.
Дээрх жишээнээс харахад энэхүү Matrix нь өөрөө шийдвэр гаргах, төлөвлөлт хийхэд маш энгийн мөртлөө чухал аргачлал юм. Та Matrix-ийг ашиглах үедээ дараах асуултуудад хариулах гээд үзээрэй.
• Би ЧУХАЛ мөртлөө ЯАРАЛТАЙ БУС ажлаа хэзээ хийх вэ?
• Би хэзээ цаг гаргаж ЧУХАЛ ажлуудаа ЯАРАЛТАЙ болохоос нь өмнө хийж гүйцэтгэж дуусгах вэ?
Дээрх асуулт нь стратегийн, урт хугацааны шийдвэрүүдийг оновчтой гаргахад туслах бөгөөд энэ нь бидний амьдралыг илүү зохион байгуулалттай, бүтээмжтэй болгож байдаг.

/The Decisions book номын хэсгээс/
Эх сурвалж: http://educated.mn
Comfort Zone-оосоо л Гарчихмаар Байна

Нэг харахад миний амьдрал болоод л байгаа юм шиг - хийж сурсан ажил, илүү ч үгүй, дутуу ч үгүй мөнгө, тайван амьдрал, тавлаг орчин гээ л бүх юм дажгүй шүү. Нэг ёсондоо энэ амьдралын хэв маяг маань миний Comfort Zone болоод хувирчихаж. Comfort Zone гэж яг юуг хэлээд байна аа гэж хэн нэгэн асууж магад. Шууд үгчилж орчуулах юм бол дассан (заншсан, сурсан, тухтай) орчин гэх юм уу даа. Хоёрхон үгээр хөрвүүлэх гэхээр утгыг нь бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм шиг санагдаад болдгүй. Та яг оносон үгийг нь мэдэж байгаа бол надад хэлээрэй. За даа энэ үгэндээ гол нь биш юм аа, хамгийн гол нь утгандаа.

Дээр хэлсэнчлэн бидний Дассан Орчин (Comfort Zone) - Өнгөц харахад болоод л байгаа амьдрал. Нэг ч их мөрөөдсөн ажил биш ч гэсэн амьдралыг чинь залгуулчихдаг, нэг ч их мөнгө олохгүй хэрнээ зардлыг чинь нөхчихдөг, нэг ч их жаргалд умбуулахгүй ч, зовоохгүйхэн шиг байдаг, эрсдэл, айдас, санаа зоволт харьцангүй бага тайван ийм л амьдралыг хэлээд байгаа юм.

Мэдээж хэн ч гэсэн айдас хүйдэсгүй тайван амьдралын хэв маягаас гарахыг тэр болгон хүсэхгүй. Би ч гэсэн яг л ийм байдалтай байна. Гэхдээ сүүлийн үед нэг л сэтгэл хангалуун бус, нэг л юм үгүйлэгдээд, нэг л юм дутагдаад байх боллоо. Сүүлийн үед ч гэждээ, ер нь миний сэтгэлийн гүнд байнга л байсан юм шиг байгаа юм. Анзаарч, тоож харж байгаа нь саяханаас болохоос биш. Миний амьдралыг хөндлөнгөөс харсан хэн нэгэн: "Юу дутагдаж, гачигдсан гэхээр хангалуун бус байдаг байна аа? ёстой нөгөө жаргал нь жад болно гэгч л энэ байхдаа" гэж хэлж магадгүй л юм.

Энэ Comfort Зондоо амьдраад байж болно л доо, болно, бүр насаараа ч амьдарч болно. Гэхдээ хамгийн харамсмаар зүйл нь энэ орчинд удаан байх юм бол өөрийгөө ирлэнэ, хурцлана, хөгжүүлнэ гэх юм байхгүй, хүсэл мөрөөдөл нь замхран алга болж, зүгээр л өдөр хоногыг аргацааж, үхлээ хүлээж суухтай л агаар нэг болчих гээд байх шиг. Өөрөөр хэлэх юм бол уул өөд мацаж яваад оргилд нь хүрэлгүй уруудаж яваа хүнтэй л адилхан болчих гээд байна.

Надад яг юу үгүйлэгдээд байна, яг яавал би амьдралдаа сэтгэл хангалуун болох вэ гэж нэлээн л бодлоо. Бодсоны эцэст надад - шинэ бэрхшээл, шинэ орчин, шинэ айдас, шинэ эрсдэл, шинэ алдаа, шинэ ажил гээд л шинэ л гэсэн бүх зүйл дутагдаж байна гэдгийг олж илрүүлэв. Хүн чинь шинэ асуудалтай тулж л хөгждөг юм байна, шинэ эрсдэл, айдастай тулж л өөрийгөө хурцалдаг юм байна, шинэ алдаа хийж л суралцдаг юм байна, шинэ орчинд орж л шинэ санаа, шинэ арга барилтай болдог юм байна.

За одоо юу дутагдаж байгаагаа мэдэж байгаа юм чинь хурдхан гарчихая гэсэн зам дээр нэг нүсэр том саад хөндөлдөж зогсчихоод болдоггүй шүү. Тэр нь хэн гээч "БИ" өөрөө. Би л өөрөө өөртөө хамгийн том хана, хамгийн том бул чулуу, хамгийн том мангаа юм байна. Саад болдог шалтгаан:

Би гэдэг хүн нийтдээ гурван Цэгмээгээс бүрдэнэ. Эхнийх нь шийдвэр гаргагч, гүйцэтгэгч Цэгмээ. Дараагийн хоёр нь болохоор миний шадар зөвлөхүүд. Нэг нь дандаа зөв юм зөвлөнө (Angel Цэгмээ), нөгөө нь дандаа буруу зүйл зөвлөнө (Evil Цэгмээ). Тэгээд Комфорт Зон-оосоо гарах эсэх талаар хэлэлцэхээр яадаг вэ гэхээр, (Хурлын танхимаас шууд)

АнгелЦэгмээ: Ёстой зөв, гарах хэрэгтэй. Шинэ орчин, шинэ бэрхшээл, шинэ ажилтай шууд нүүр тул. Тэгснээр чи өөрийгөө хөгжүүлнэ, илүү сэтгэн хангалуун амьдрах болно. Энэ байдалдаа байгаад юу ч өөрчлөгдөхгүй. Зоригтой, тууштай бай!

ЧөтгөрЦэгмээ: Ээээ юуун дэмий асуудал оруулж ирдэг юм бэ дээ. Дассан орчиноосоо гарна гэдэг тийм ч их хүсээд байх зүйл биш. Аймар их айдас, аймар их бэрхшээл, аймар их эрсдэл. Ингэж өөрийгөө шаналгах хэрэг байна уу? Хэдүүлээ сайхан л амьдарч байна шүү дээ. Өөр юу хэрэгтэй гэж? Чи тэгээд ч шинэ ажилд тэнцэхгүй, шинэ орчинд дасахгүй, шинэ бэрхшээлийг давахгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн дээр байхаа хө.

Шийдвэр гаргагч Цэгмээ: За та харсан уу? энэ Чөтгөр Ангелаас илүү их тайлбар тавьж байгаа биз? Нээрээ л одоо болж байхад тэр их шинэ айдас, шинэ бэршээлийн хэрэг ч байна уу дөө. Гэхдээ Ангелын хэлсэн үг болгон зөв л дөө. За за толгой эргэчлээ. Тэгэж байгаад болох биздээ. Дараа нь дахин энэ асуудлыг оруулж ирнэ ээ.

ХаХаХа яг л ийм юм миний толгойд болно шүү дээ. Энэ Чөтгөрийг уул нь ажилаас нь хална гээд л бодоод байгаа юм. Гэхдээ лүд чинь дээгүүрээ холбоо сүлбээ ихтэй юм аа. Танд нэг иймэрхүү зүйл дохиолдоно биз? Comfort Zone-оос гарах өөр арга мэх байна уу?

http://www.tsegmee.com/

Амар амгалан газраас холдох хувь хүний хөгжлийн арга гэж юу вэ?

Ажил хаймаар байдаг. Туршлага байхгүй учир ажил хийнэ гэхээр үнэхээр хэцүү санагдаж байна. Судлах зүйл зөндөө болоод рефератаа ч бичиж чадахгүй байна.
Алдаа гаргахаас айгаад бодож, төлөвлөж буй ажлаа эхэлж, хэрэгжүүлж чадахгүй байна. Иймэрхүү  үеүд танд тохиолдож байсан уу?
Харах өнцгөө жоохон л өөрчилөхөд хэрэгжүүлж чадахгүй байсан зүйлээ хийх боломжтой байдаг гэдгийг та мэдэх үү?
Япон гэлтгүй бусад улс оронд алдартай  бизнесс эмэгтэй Андогийн "Хувь хүний ажил гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх арга" гэсэн номноос хамгийн чухал хэрэгжүүлэх  3 аргыг танилцуулж байна
Төсөөлөө ч үгүй зүйлийг эрж хайж , хөгжилдөх
Зохиолч Андомифүюүгийн Бутан руу явах үед онгоц 5 цагаар хоцорсоны улмаас Бутанд байх хугацаа нь богиноссон байна.
Харин үүний ачаар богинохон хугацаанд зөндөө зүйлийг амжуулж сурчээ.
Тэрээр ийн хэлсэн байна.

Бодсоны дагуух зүйлс биш бодож төлөвлөж байснаас өөр зүйл тохиолдох нь   хамгийн сонирхолтой байдаг.
Төлөвлөгөө талаар өнгөрсөн ч гэнэтийн зүйлс учирал, гэнэтийн үйл явдалууд,  гэнэтхэн таарсан хүн, гэнэт анзаарсан зүйл  гэх мэт
Өгт төсөөлж байгаагүй зүйлтэй учирч түүнийг сайхнаар хүлээж авах нь амьдралын аз жаргал байх гэж боддог.
Болж, өнгөрсөн зүйл  хэзээ ч өөрчлөгддөггүй.
Болсон зүйлд уурлаж, бухимдаж гуниглахаас илүү түүнийг эерэгээр хүлээж авч туршлага боллоо гэж бодон дараагийн удаа анхаарахад л болно.
Амар амгалан газраас холдох нь хувь хүнийг хөгжүүлдэг.

Амар тайван байдалд/ comfort zone/ удаан байх нь нэг хэвийн байдалд дасаж хувь хүн хөгжиж чаддаггүй.
Яагаад гэвэл  бид айх, ичих, сандрах байдалд оруулах хүн, орчин гэх мэт өөрийн түвшнээс дээш газарт очих нь хувь хүнийг хөгжүүлдэг.
Тиймээс л нэгэн хэвшлийн амар тайван газраас холдож , дасаж сураагүй орчинд очих нь хамгийн чухал юм.
Андогийн хэлсэнээр бол огт өөр орчин, шинэ хүмүүстэй уулзахад өөрт нээх таатай байдаггүй байсан. Тэгээд зориглон тийм газар луу өөрийгөө сорьж очих болсон гэжээ.
Өнөөг хүртэл тийм л байж ирсэн.
Үргэлж л ийм л байдаг. гэж  хааяа тийм бодолд автдаг.
Ингэж амжилтанд хүрч чаддаггүй бөгөөд нэг л мэдэхэд яг л байрандаа байсаар л байдаг байж магадгүй.
Гэнэт том зүйлийг хийнэ гэж бодох хэрэггүй.
Хувцаслалт, үс засалтаа өөрчилж арай өөр стиллийг бүрдүүлээд үзээрэй . жоохон зүйлээс л эхэлж нэг хэвийн байдлаас салах аргыг өдөр тутамд туршаад үзээрэй.
Бүр том зүйлийг туршиж үзэх зоригтой болох болно.
70 хувь байхад л болно.

Алдаа гаргахаас айгаад шинэ зүйлд эргэлзээд байдаг бол үүнийг нэг үгээр төгс байх гэсэн эрмэлзэл юм.
Алдаа гаргаж болохгүй, андуурах нь ичмээр гэж боддог бол төгс байхгүй бол гэж боддогоос болдог.
80 хувь, 90 хувь 100 хувь-руу тэмүүлэхгүйгээр 70% байхад л болно. Ингэж бодоод хийгээд үз.
Өмнө нь огт хийж үзээгүй ажлын ярилцлагад ороход үнэхээр сандарч хэцүү байх нь мэдээж. Гэхдээ 5 зүйлийг 1 шалгуурт тэнцэхэд болно гэсэн харанхуй сэтгэлээр очвол ямар вэ? юу гэж бодож байна вэ?
Шалгалтанд ч тэр 100 оноо авна гэж бодвол өөрт ч хэцүү байна.
Тиймээс л эхний ээлжинд унахгүй байх оноог авъя. Гэж хичээлдээ бэлтгээд үзвэл арай л дээр байх гэж бодож байна.
Төгс биш байсан ч болно. Эхлээд хийж үзээд үр дүн гарахаар нь дахиад гарсан үр дүнг өөрчлөх бүрэн боломжтой.
Хэрвээ алдаа гаргавал гэж бодож байгааг тань ойлгож байгаа ч хийхгүй бол 0 оноо шүү дээ.
Хийхгүй байснаас л дээр
Хамгийн түрүүнд хийгээд, хэрэгжүүлээд үзье.
Дүгнэлт
  • Төсөөлсөнөөс илүү зүйлийг эрж хайж, хөгжилдөх
  • Амар амгалан газраас холд
  • 70 оноо байхад л хангалттай гэдэг үзлээр зүтгэ.
Эдгээр 3 зүйлийг тунгаагаад , зориглоод ямар нэгэн зүйлийг хэрэгжүүлээд үзээрэй. 
Таны хэрэгжүүлэхийг хамгийн ихээр хүсэж байгаа зүйл юу вэ?  
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. 

Тэтгэлгээр хэрхэн сурах вэ: Харвард, Корнел зэрэг шилдэг их, дээд сургуулиудад

Бүх зүйл боломжтой
Тэтгэлгээр хэрхэн сурах вэ: Харвард, Корнел зэрэг шилдэг их, дээд сургуулиудад
Гадагшаа сайн сургуульд суралцахыг хүсдэг ч хаанаас эхлэхээ, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа залуус анхаарлаа хандуулаарай
Боловсрол бол үнэнчээр мөрөөдөлдөө хүрч чадах цорын ганц түлхүүр бөгөөд харин үүнд тусалж чадах гол зүйл бол хөдөлмөр юм. Ерөнхий боловсролын сургуулиа эцэг, эх, багш нарынхаа удаан хугацааны дэмжлэгээр төгссөний дараа хүүхдүүд амьдралдаа хийх хамгийн чухал сонголтыг бие даан хийх болдог. Энэ бол ирээдүйн амьдралаа авч явах мэргэжлээ хэрхэн сонгох болон хаана, ямар сургуульд суралцах вэ гэдгээ шийдэх сонголт юм. Монгол улсад тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалт байдаг бөгөөд залуучууд мэргэжлээ сонгохдоо үүнийг их хардаг болсон. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр илүү эрэлттэй, цалин сайн мэргэжлүүдийг залуус эцэг, эх болон найзуудтайгаа зөвлөж тодорхойлдог. Гэвч эдгээр мэргэжил нь одоо эрэлттэй зүйл байж болох ч хамгийн гол нь өөрөө үлдсэн амьдралынхаа турш үүнийг хийхийг хүсч байна уу гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй.
Манай улс эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахуйц боломжтой биш ч гэлээ сүүлийн жилүүдэд  оюутан, сурагчдыг дэмжихэд зориулсан ажлууд их хийх болсон. Үүний нэг нь дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах эрхээ олж авч чадсан сурагчдад төрийн сангийн зээлээр болон тэтгэлгээр суралцахад дэмжлэг үзүүлдэг болсон явдал юм. Хэдийгээр бүгд л гадаадад суралцахыг хүсдэг ч тэднээс мөрөөдлийнхөө төлөө тууштай явдаг залуус тийм ч их биш. Тэгэхдээ энэ нь нөгөө талаар үнэхээр өндөр боловсрол эзэмшихийг хүсч буй хүүхдүүдэд илүү их боломж болдог. 
Тэтгэлгээр хэрхэн сурах вэ: Харвард, Корнел зэрэг шилдэг их, дээд сургуулиудад (фото 1)
Мэргэжлээ сонгохын өмнө 
Эхний зөвлөгөө бол тэтгэлэг олгохоор амласан мэргэжил дундаас аль нэгийг нь сонгохоо түр азнаарай. Харин эхнээсээ өөрийнхөө хүссэн мэргэжлээр, хүссэн сургуульдаа тэтгэлэг авах боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй.  Өмнө нь дурьдсанчлан тэтгэлэг авах өрсөлдөөнд Монгол залуус төдийлөн олноороо оролцдоггүй. Дэлхийн бусад улсуудад хүн амын тооноосоо шалтгаалаад тэтгэлэг олгох хөтөлбөрт үлдэх магадлал хамаагүй бага. Дээр нь тэд сайн боловсролыг үнэлэх үнэлэмж нь биднээс тодорхой хэмжээгээр илүү учраас биднээс хамаагүй илүү өрсөлдөөнтэй байдаг. 
Ямар боломж байгаа вэ?  
Хэрвээ та дэлхийн шилдэг 100 сургуулийн  1-21-т жагсдаг сургуульд тэнцвэл мэргэжил үл харгалзан зээл авах боломжтой. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities" (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.  Энэ жагсаалтын эхний 21 сургуульд тэнцэх нь маш хэцүү, өрсөлдөөнтэй ч гэсэн амьдралд чинь тохиох том шалгуур биш гэж үү? Таны мөрөөдөл үүнээс ч илүү том гэж бодож байна. Тиймээс жижгээс нь эхлээд бүгдийг хийж чадна гэдэгтээ итгээрэй.
Дэлхийн шилдэг их сургуулиудын топ 100 жагсаалтын 30-50 хувийг Америкийн их сургуулиуд эзэлдэг. Үүнд ч бас өөрийн гэсэн давуу тал бий. АНУ-д эхний 1-2 жил ерөнхий мэдлэг олгох сургалт ордог. Тиймээс мэргэжлээ хараахан сонгоогүй залуус эхлээд сургуульдаа орж, орчинтойгоо дасч байх зуураа ирээдүйгээ тайвнаар шийдэх боломжтой. Учир нь тэд ч мөн адил мэргэжил сонгоход цаг их шаардагддаг гэдгийг ойлгож, оюутнууд суралцаж байх хугацаандаа өөрийгөө танин мэдэхэд нь бүхий л талаас нь дэмжин тусладаг. 
Тодорхой төлөвлөгөө амжилтанд хөтлөнө
Гадаадад сайн сургуульд суралцахыг хүсдэг ч хаанаас нь эхлэхээ шийдээгүй, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа хүмүүст хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргахад нь зориулж бяцхан дараалал сонирхуулъя. Та оюутан ч бай, эсвэл арван жилийн сурагч ч бай эдгээр зүйлсийг бэлдэж, хийж дуусгах хугацаагаа төлөвлөөрэй.
1. Хугацаа: Хамгийн гол нь сургуульд явахаасаа нэг жилийн өмнөөс бэлтгэлээ эхлээрэй. Энэ хугацаа бол хэлний шалгалтуудаа өгч,  материалаа бүрдүүлж, сургуульдаа тэнцэх боломж нэмэгдүүлнэ. Тиймээс заасан хугацаандаа амжиж бүх материалаа явуулах хэрэгтэй.
2. Сонголт: Америк эсвэл Европ гэдэг сонголтын талаар ихэнхи хүмүүс боддог. Мөн Канад, Австрали эсвэл Азийн аль нэг орны талаар та бодож байж болох юм. Эхлээд таван тивийн аль улсад сурах вэ гэдгээ шийдээрэй. Хэрэв мэргэжлээ сонгож амжсан бол тухайн мэргэжлээр аль улс сайн боловсрол олгодог вэ гэдгийг судлаарай.
Тэтгэлгээр хэрхэн сурах вэ: Харвард, Корнел зэрэг шилдэг их, дээд сургуулиудад (фото 2)
3. Хэлний шалгалт: Сонголтоо хийсний дараа хийх зүйл бол тухайн улсынхаа хэлний түвшин тогтоох шалгалтыг өгөх хэрэгтэй. Магадгүй тухайн оронд англи хэл үндсэн хэл нь биш байсан ч ихэнх улсад англи хэлний шалгалтын оноо шаарддаг. Мөн ганцхан англи хэлний шалгалтын оноогоор сургуульд бүртгүүлэх боломж байдаг.
Англи хэлний хувьд SAT (ACT), SAT ( Subject Test), TOEFL IBT, IELTS шалгалтуудыг голчлон өгнө. Та ямар сургуульд орох гэж байгаагаас эдгээр шалгалтын аль нэгийг өгнө гэсэн үг юм. Тиймээс босго оноог чухалжилж, түүндээ хүрэх гэж хичээх хэрэгтэй.
SAT (ACT) шалгалт бол голдуу Америкийн ахлах сургуулиудын сурагчдын өгдөг элсэлтийн ерөнхий шалгалт юм. Америкийн их, дээд сургуулиудад суралцахыг хүсэгч гадаад, дотоодын сурагчид бүгд өгөх ёстой байдаг.
SAT ( Subject Tests) бол суралцах гэж буй салбар, эсвэл өөрийн сонгосон 2-3 төрлийн хичээлээс хамаарч өгөх шалгалт юм. Хэрвээ та магадгүй анагаахын чиглэлээр суралцах бол хими болон биологи, инжинер болох бол физик болон математик гэх мэтчилэн төрөлжсөн сонголтоор шалгалтаа өгнө.
TOEFL IBT нь олон улсын оюутан залуусын хэлний түвшинг тодорхойлдог хамгийн итгэмжлэгдсэн шалгалтуудын нэг бөгөөд 130-аад орны 9000 гаруй их дээд сургуулиуд оноог нь харгалзан сургуульдаа сонгон суралцуулдаг юм.
IELTS-ийн шалгалт нь TOEFL-той эн зэрэгцэхүйц хэлний шалгалт бөгөөд ихэвчлэн Англи, Канад, Шинэ Зеланд, Австрали улсад суралцахыг хүсэгчид өгөхөд тохимрожтой. Гэсэн хэдий ч Америкийн 3000-аад сургууль болон 140-оод орны 9000 сургуульд мөн адил энэхүү шалгалтыг хүлээн зөвшөөрдөг юм.
4. Ямар сургуульд сурах вэ: Хэлний оноогоо тухайн сургуулиудын босго оноотой харьцуулж үзээрэй. Эхний ээлжинд босго оноонд нь хүрч байгаа 5-10 сургууль сонгох хэрэгтэй. Бүртгэлийн хураамжийн төлбөрөөс хамаарч энэ тоог багасгах болон ихэсгэх нь таны сонголт бөгөөд хамгийн гол нь гурав болон түүнээс дээш боломж бүрдүүлэх нь чухал. Бусад орны сурагчид мөн адил олон сургууль руу нэг зэрэг бүртгүүлж, дараа нь сургуульгүй үлдэхээс сэргийлдэг байна. Өөрийнхөө материалыг явуулах зуураа сургуулийн бүртгэлийн гишүүдтэй холбоо тогтоож, зөвлөгөө авах нь таны тэнцэх боломжийг мөн нэмэгдүүлнэ. Тиймээс цахим шуудангаар урьдчилан холбоо тогтоож, сургуульд бүртгүүлэх үйл явцаа дарааллаар нь хэрхэн зөв хийхээ тэдэнтэй бас зөвлөлдөж болно. 
Тэтгэлгээр хэрхэн сурах вэ: Харвард, Корнел зэрэг шилдэг их, дээд сургуулиудад (фото 3)
5. Эссэ хэрхэн бичих вэ?: Та сургуульдаа бүртгүүлэх үндсэн анкетаа бөглөсний дараа өөрийгөө танилцуулсан эссэ бичих хэрэгтэй. Учир нь ихэнхи сургууль тухайн хүнийг ирээдүйдээ ямар зорилго тавьсан болон сургуулиа хэрхэн сонгосноо өгүүлсэн эссэ шаарддаг. Үүний зэрэгцээ бас ярилцлага хийх нь ч бий. Тэгэхдээ интернэтээр ярилцдаг тул санаа зовох зүйлгүй.
Зарим хүмүүс хэлний оноо болон ерөнхий дүн нь тийм сайн биш байсан ч эссэгээ сайн бичсэний улмаас тэнцэх тохиолдол олон байдаг. Ерөнхийдөө эссэ болон ярилцлага таны бүрдүүлэх материалын 50 хувьтай тэнцэнэ гэхэд буруудахгүй. Тиймээс сургуульд бүртгүүлэх эссэ бичих талаар томоохон судалгаа хийх хэрэгтэй ба шилдэг их сургуулиудад тэнцэж чадсан сурагчдын эссэ интернэтэд  маш элбэг байдаг.
6. Захиа хэрхэн бичих вэ?: Хэн нэгэн таныг сайн мэддэг хүн өөрийг чинь тодорхойлж өргөдөл гаргаж буй сургуульд бичих захидал хэрэг болно. Ихэвчлэн сурч байсан сургуулийн багш, эрхлэгч нараас авах нь элбэг байдаг. Энэ захиа нь өөрийг чинь тодорхойлох томоохон хүчин зүйл бөгөөд сурлага, багаар ажиллах, бусадтай харилцах чадварыг тань илтгэх болно. Тэгэхээр таныг бусдад сайн таниулж чадах хүнийг олж, сонгох нь чухал учраас нухацтай шийдээрэй.
7. Өөрийгөө таниулах нэмэлт материалууд: Энэхүү хэсэгт өөрийн чинь нийгмийн идэвхийг тодорхойлох зүйлс орно. Хэрвээ та сонирхлоороо ямар нэгэн клуб, спортын баг, сайн дурын ажил, нийгмийн холбоонд гишүүнээр элссэн бол түүнийгээ үзүүл. Эсвэл урлаг, спортын авьяастай бол бас л сайн танилцуулах хэрэгтэй. Сургуульдаа тэнцэхэд эдгээр зүйлс маш их нэмэр болдог. Скаутын холбоо, Улаан загалмайн нийгэмлэг гэх зэрэг багаар ажиллаж, бие биенээ хүндэтгэдэг орчинд үйл ажиллагаанд оролцдог бол сургуульд тэнцэж чадах бас нэг баталгаа болно.
Харвардын их сургуулийг өнгөрсөн жил төгссөн монгол залуу Харри Поттерын номыг сонирхлоороо орчуулснаа материалдаа оруулж өгсөн байдаг
Сонирхлоороо ном орчуулсан эсвэл магадгүй жижигхэн зургийн үзэсгэлэн гаргасан, найз нөхдөөрөө богино хэмжээний төслүүд дээр ажиллаж байсан тохиолдол бүр энэхүү хэсэгт сайнаар нөлөөлж болно. Мөн мэтгэлцээнд явж байсан, математикийн олимпиадад түрүүлж байсан гээд бүх л сайн түүхээ нэмж болно. Тэдгээр зүйл нь олны анхаарлыг татаж, нэрд гарсан үгүй нь хамаагүй та хийж байсан л бол тэр талаараа дурьдаарай. 
Бүх материалаа нягталж үзээрэй: Арван жилийн дүнгийн хуулбар болон Монголд, их дээд сургуульд сурч байсан дүнгүүдээ мөн адил илгээх хэрэгтэй. Эдгээр материалуудаас гадна үндсэн шаардлагатай бүх материал баталгаат орчуулгатай байх ёстой гэдгийг мартуузай.
Тэтгэлгээр хэрхэн сурах вэ: Харвард, Корнел зэрэг шилдэг их, дээд сургуулиудад (фото 4)
9.Сургалтын төлбөрөө хэрхэн шийдэх вэ?: Та бүртгүүлж буй сургуульдаа тэтгэлэг авах хүсэлт гаргах боломжтой. Хэрвээ үүнийг сонгосон тохиолдолд хэрэгтэй нэмэлт зүйлсийг судлаж, өөрийн материалдаа оруулаарай. Тэтгэлэг бүтэн ба тодорхой хувиар олгоддог ба олдоогүй тохиолдолд Монголын тэтгэлэгийн төсөл эсвэл Төрийн сангийн зээлд хамрагдах хүсэлт гаргах боломжтой. Тэгэхдээ энэ бүхний өмнө нь мэдээж сургуульдаа тэнцсэн байх ёстой. Бас нэг дурьдах зүйл бол эхний удаад хагас жилийнхээ төлбөрийг "зохицуулсан" байвал үлдсэн төлбөрөө тэтгэлгээр олох боломж их бий. Онц сурч, идэвхи санаачлагатай байсан сурагчдад сургуулиас тэтгэлэг олж чадна. Иймээс та л хичээж, алхам бүрт байгаа боломжийг олж харж, ашиглаж чадвал бүх зүйл бүтэх болно.