Friday, February 3, 2017

Хүссэн сургуульдаа амжилттай элсэхэд тань туслах 3 тактик


2014 онд Монгол дахь Канадын элчин сайдын яамнаас Монголын боловсролын салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээнд дурдсанаар жил бүр 24000 Монголчууд гадагшаа явж, ямар ч үед 40000 Монголчууд гадаадын аль нэг улсад суралцаж байна гэжээ. Саяхан хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ирж ажилласан Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний Герман зөвлөх маань дээрх тоог сонсоод уулга алдахыг бодоход багагүй тоо бололтой.

Дээрх компани маань Сингапур, Хятад, Энэтхэг тэргүүтэй голдуу Азийн орны ахлах ангийн сурагчдыг АНУ, Их Британийн шилдэг их дээд сургуулиудад өөрт тохирох мэргэжлээрээ, амжилттай элсэн ороход нь зориулсан бүх талын зөвлөгөө (тохирох сургуулиа сонгох, шалгалтууддаа бэлтгэх, эссегээ бичих, ярилцлагандаа бэлтгэх гэх мэт) –г өгдөг, ингэхдээ өөрсдийн боловсруулсан комьютерийн дэвшилтэт систем (software)-ийг ашигладаг. Энэхүү систем нь тэдэнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг болон үзүүлэхийг зорьж буй төвүүдийн бүтээмж, үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлж, ажлыг хичнээн хөнгөвчилж болохыг мэдэрсэн тэд системээ гадаад зах зээлд нэвтрүүлж эхлээд буй.

Түүнчлэн энэхүү системийн ач тусыг мэдсэн ахлах ангийн сурагчид өөрсдийнхөө санаачлагаар сургуулиудынхаа багш, удирдлагуудад мэдээлэл хүргэн сургуулиараа нэгдэн хэрэглэж буй тохиолдол Сингапур, Хятад зэрэг орнуудад цөөнгүй гарч байгаа нь технологиор дамжуулан боловсролын хүртээмжийг огцом дээшлүүлэх зорилготой Cialfo компанийханд бахархалтай үйл явдал болсон байна. Тэдний дэвшилтэт системийн талаар АНУ-ын телевизийн томоохон суваг болох CNBC хүртэл сурвалжлага бэлдсэн байх юм. Энд дарж үзнэ үү. 
Нийтлэлийн эхэнд Герман зөвлөхийг маань уулга алдуулсан гадаадад сурдаг болон сурахаар бэлтгэж буй Монгол оюутан залуусын тоо бол гадаадад суралцах хүсэлтэй хэн нэгний нийт өрсөлдөгчдийн тухайд бодвол зөвхөн Монгол гэсэн ганц улсын хэмжээний тоо гэдэг нь ойлгомжтой. Иймд Монголоос хүн ам зэрэг олон хүчин зүйлээрээ илүү бусад олон орны оюутан залуусаас ялгарч, өөрт хамгийн тохирох сургуульдаа амжилттай элсэн орж, амьдралын бусад том зорилгууддаа алхам алхмаар хүрэхийн тулд эртнээс төлөвлөгөөтэй, тактиктай бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд Герман зөвлөхийн маань санал болгож буй 3 гол тактикыг дор хүргэе.
1. Гадаадад сурах бэлтгэлээ 2-3 жилийн өмнөөс хийж эхлэх;
Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиуд жил дутам хэдэн арван мянган өргөдөл дундаас хэдхэн зуу, магадгүй хэдхэн арван оюутныг шалгаруулан авдаг. Онцлог нь эдгээр хэдэн мянган өргөдөл өгөгчдийн ихэнх нь тус тусынхаа улс, муж, сургуулийн хэмжээнд манлайлагчид байдаг. Иймд тэднээс ялгарахын тулд зөвхөн онцсайн дүнтэй байх хангалтгүй. Та хичээлээс гадуур нийгмийн тусын тулд сайн дурын ажилд идэвхитэй оролцох, эсвэл ямар нэгэн урлаг, спортын төрлөөр тууштай хичээллэх зэргээр өөрөө өөрийнхөө шилдэг хувилбарыг бий болгохын тулд идэвхитэй, тууштай, тактиктай ажиллах хэрэгтэй.

Ялангуяа хүссэн сургуульдаа өргөдөл өгөхөөс өмнөх 2-3 жилд гаргасан амжилт, оролцсон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд чинь академик дүнгээс чинь илүү таныг товойлгох том үзүүлэлт гэдгийг санаарай.
2. Дэлхийн сургуулиудын үнэлгээний жагсаалт (world university ranking)-ыг биш зорилгодоо нийцүүлэн, сурахаар эрмэлзэж буй сургуулийнхаа жагсаалтыг өөрөө гарган баримтлах;
Гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиуд зарим хүний хувьд толгой нь эргэмээр олон мэргэжлийн ангиудтай байдаг. Бүх мэргэжлийн хөтөлбөрүүдээ нэгэн жигд чанартай хүргэдэг сургуулиуд хуруу дарам цөөхөн. Иймд чиний сонирхол, хүсэл, чадамжинд нийцсэн мэргэжлийг л сайн чанартай олгодог сургуулийг судалж мэдээд, түүндээ элсэх бэлтгэлээ эртнээс хийгээрэй.
3. Зорьсон сургуульдаа элсэх өргөдлөө аль болох эрт өгөх;
Гадаадын томоохон их, дээд сургуулиуд ихэнхдээ өргөдөл хүлээн авах хоёр хугацаа заасан байдаг. Эхний хугацаанд багтаж өргөдлөө өгөгсөд элсэн орох төдийгүй тэтгэлэг авах магадлал хамаагүй өндөртэй байдаг. Тухайлбал доорх зурагт үзүүлсэнчлэн хэрвээ та өргөдөл хүлээн авах эхний хугацаанд нь багтаж өргөдлийн маягтаа гүйцэд, бүрэн зөв бүрдүүлэн өгсөн тохиолдолд таны Harvard, Yale зэрэг АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх магадлал хоёр дахь буюу хожуу хугацаанд багтаж өгснөөс даруй 3-7 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна.
Эх сурвалж: www.cialfo.co
Хэрвээ танд дээрх зөвлөгөө таалагдсан бөгөөд илүү олон экспертийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй бол манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй.
Танд амжилт хүсье!
Эх сурвалж. НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ, http://educated.mn/default.aspx?page=36&news=340

Thursday, February 2, 2017

Яагаад та өдөр бүр унших шаардлагатай вэ? Ном уншихын 10 ашигтай тал

Ихэнх амжилттай яваа хүмүүс байнгын унших зуршилтай байдгийг та бид бүгд мэднэ. Жишээлбэл 2015 онд Фэйсбүүк компанийн захирал Марк Зүкербүрг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх. Хятадын төв номын сангийн гадаа оочерлон зогсож буй залуусын зургийг ч та олон нийтийн хуудсуудаар харсан байх. Гэтэл манай Монгол залуусын хувьд дийлэнх нь унших дадалыг өөртөө суулгаагүй байгаа нь ажиглагддаг. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг тул Монгол залуу та ном тогтмол уншиж доорх ашиг тусуудыг амьдралдаа нээн өөртөө болон эх орондоо үнэ цэнэтэй амьдраарай.

1. Оюуны дасгал
Хүний биеийн бүх булчингуудын адил тархийг эрүүл хүчтэй байлгахын тулд байнгын дасгал хийж байх ёстой. Ашиглагдахгүй зүйлс үгжирч байдаг бол ашиглагдаж байгаа зүйлс улам цааш хөгжиж байдаг нь хорвоогийн жам юм. Идэвхитэй уншигчдын Алзаймер буюу бидний мэддэгээр зөнөглөх өвчинд нэрвэгдэх магадлал буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
2. Стресс буурна
Ажил, хичээл ном, гэр бүл, найз нөхөдийн харилцаа гээд бидэнд өдөр тутам стрессдэх шалтгаан түм бумаараа бий болж байдаг. Тэгвэл сайн зохиол унших үед та номондоо орж өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн хөндийрч зовлон бэрхшээлээ түр мартдаг. Тиймээс ном уншихаа больсон ч таны бэрхшээл - таныг стрессдүүлсэн зүйлийн шалтгаан нь өчүүхэн болохыг ойлгож тайвширсан байдаг байна.
3. Мэдлэг тэлнэ
Ном уншиж байх үедээ бид тодорхой хэмжээний мэдлэгийг өөрийн тархиндаа хадгалан авч үлдэж байдаг. Та хэр их мэдлэгтэй байна амьдралд тулгарах бэрхшээлүүдтэй илүү зэвсэглэсэн тулах болно. Та ажил мэргэжил, мөнгө магадгүй эрүүл мэндээ алдсан ч таны өөрийн тархинд хуримтлуулсан мэдлэгийг хэн ч булааж авах боломжгүй.

4. Үгийн сан баяжина
Ном уншдаг хүмүүс өдөр тутмын яриандаа ч бусдаас илүү олон үгийг ашиглаж илүү өргөн хүрээтэй ярьдаг. Та бид хэдийгээр өөрийн төрөлх хэлээрээ хангалттай ойлголцдог хэдий ч яруу тансаг үг хэллэг ашиглахгүй цөөн тооны үгэн дунд эргэлдэж байдаг. Олон сайхан үг ашиглаж ярьдаг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй хүндэтгэн харьцдаг шүү дээ. Хэр олон тооны үг хэллэг ашиглаж байгаа нь тухайн хүний боловсролын түвшинг илэрхийлдэг бас нэг чухал үзүүлэлтийн нэг байдаг. Мөн гадаад хэл сурч буй хүмүүс ном тогтмол уншиснаар үгийн сан нь баяжиж, үгийг зөв хэрэглэх хэвшил суудаг гэж гадаад хэлний багш нар дүгнэдэг бөгөөд хэл сурч буй залуусыг тухайн хэл дээрх ном зохиол уншиж байхыг зөвлөдөг.
5. Ой тогтоолт сайжирна
Ямар нэг зохиол уншиж байхдаа бид дүрүүдийн зан чанар, амьдралын замнал болон хэрхэн ямар сэжимээр хоорондоо холбогдож буй гэх мэт нарийн төвөгтэй ниваансуудыг нь санаж байх шаардлагатай байдаг. Гайхалтай нь энгийнээр тайлбарлахад бидний тархи шинэ зүйл тогтоох бүрт түүнийг хадгалах шинэ зайг гаргаж өгдөг тул хадгалагдсан мэдээлэл хоорондын дамжих зам богиносч эргүүлэн санах замыг богино болгодог. Тиймээс илүү ихийг ойлгож тогтоох тусам бидний тархи илүү хурдан шуурхай ажилдаг болдог байх нь. Гайхалтай биш гэж үү?
6. Анализ хийх чадвар сайжирна
Ихэнх зохиолууд дээр гол дүрийн баатрууд тулгарсан ямар нэг бэрхшээл саадыг давдаг. Энэ нь уншигч бидэнд түүний алдаанаас суралцах, цаашлаад ижил нөхцөл байдал тулгарвал түүнийг хэрхэн даван туулах бэ гэдэг арга замыг зааж өгдөг тул бидний толгойг багагүй ажлуулж дүгнэлт анализ хийх чадваруудыг маань хөгжүүлдэг.
7. Төвлөрөх чадвар сайжирна
Өнөөдрийн интернэтэд суурилсан технологийн эрин үед бид аливаа зүйлд төвлөрөхөөс илүүтэйгээр гар утсаараа найзтайгаа чатлан, ажлын програмд шаардлагатай өгөгдөлийг оруулангаа, и-мэйлдээ хариу өгч мөн дээрээс нь вэб хуудаснууд шүүн хэрэгтэй мэдээлэлээ хайж байдаг. Яг л таныг дүрслэн бичиж буй мэт байна уу? Харамсалтай нь энэ төрлийн олон зүйлийг зэрэг амжуулах хүсэл маань биднийг илүү стрессдүүлж, бүтээмжийг маань бууруулж байдаг. Харин ном уншиж байхдаа бид зохиолдоо л бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс ажилаа эхлэхээс 15-20 минутын ном уншиж хэвшснээр тархиа чөлөөлөн ажилдаа илүү төвлөрдөг болохыг судлаачид нотолжээ. Та ч мөн туршаад үзээрэй!
8. Бичих чадвар сайжирна
Ямар ч сайн бичвэрт бусдын ажлаас авсан санаа ордог. Тиймээс хэн илүү их уншина түүний жишээ авч бичих, сэдвээ баяжуулах чадвар дагаад өсдөг болох нь маргаангүй үнэн ажээ.

9. Эрүүл мэндэд тустай
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, огцом ширүүн зантай хүмүүсийг ном уншиж тайвширч байхыг зөвлөдөг. Учир нь хүн номноос өөрийгөө таних, дотоод амар амгаланг олох боломжтой байдаг. Ном унших нь хүний тархийг олон бодлоос нь чөлөөлж өгдөг тул маш хурдан, бүх сайн унтах нойрны эм болох боломжтой байх нь. Мөн саяхан нэгэн судалгаанаас чанартай сайн зохиол уншдаг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, залуу байж элдэв өвчин тусах магадлал нь буурдаг тул ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад урт насалдаг нь тогтоогдсон байсан.
10. Бүтээлч болон ургуулан төсөөлөх чадвар өснө
Бид номон дээрх тайлбарласан зураглалаас өөрийн хэзээ ч байж үзээгүй орчинд өөрийн төсөөллийн ачаар очиж чаддаг. Ургуулан бодох, төсөөлөх чадварыг ном уншиж байнга хөгжүүлснээр хүний бүтээлч сэтгэхүй хөгждөг болох нь олон судалгааны үр дүнгээс гарчээ.

Эх сурвалж: http://www.lifehack.org, "10 Benefits of Reading: Why You Should Read Every Day", Lana Winter-Hébert

2017 онд хүрэх зорилгуудаа ингэж тодорхойлоорой!

Хүн байгалиасаа ямар нэгэн зорилгод хөтлөгдөн амьдарч, тэрхүү зорилгодоо хүрэх бүртээ амжилтыг мэдэрч, аз жаргалыг амталдаг. Өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлсноос хамаарч тухайн хүн нэг бол дундаж, энгийн, “байдаг л нэгэн” болдог бол зарим хүмүүс өөртөө өндөр зорилго тавьж цөөнх нь түүндээ тууштай, ухаантай зүтгэснийхээ хүчинд ямар нэгэн чиглэлээр бусдыг манлайлагч нэгэн болж чаддаг.
Оны эцэс болоход хүн бүр өмнөхөөсөө илүү өндөр зорилго тавиад зогсохгүй, тавьсан зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулж байх хэрэгтэй гэж хувь хүний хөгжлийн стратегич Matt Mayberry зөвлөжээ. Цаасан дээр бичдэг ч юмуу, хэн нэгэнд хэлдэг ч юмуу ямар нэгэн байдлаар зорилго тодорхойлчихоод бичсэн цаасаа хаях, юмуу хэлсэн үгээ мартчихвал зорилго тавьсны ямар ч хэрэг байхгүй. Хамгийн гол нь тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд бүх хүч, чадвараа дайчлан, ухаантай, тууштай, шургуу ажиллах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөжээ.
Түүний өөрөө ч гэсэн ирэх оныхоо зорилгыг тодорхойлж, хамгийн гол нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг 2 гол аргыг хуваалцъя.
1. Зорилго тодорхойлох процессдоо анхаар
Утсан дээрээ ч юмуу яг 3 минутын хугацаа тавиад ирэх оныхоо зорилгуудыг жагсаан бич. Ингэж өөрийгөө шахах нь: нэгт, хамгийн ихээр хүсч буй, толгойд чинь эргэлдэж байдаг зорилгуудаа хамгийн түрүүнд жагсаах нөхцлийг бүрдүүлдэг; хоёрт, мөнгө хүрэхгүй, цаг байхгүй гэх мэт мянган шалтгааныг бодож зарим зорилгуудаа хойш тавих цаг олгодоггүй сайн талтай.
Үүнийхээ дараа ирэх жилийн өдийд хүрсэн байх 8-10 зорилгыг шилж аваарай. Зорилгуудаа тодорхойлохдоо эрүүл мэнд, бие бялдар, гэр бүл, амралт, санхүүгийн болон бизнесийн гэх мэтээр амьдралд чинь чухал шаардлагатай хүчин зүйлсээс аль болох олныг оруулж тэнцвэртэй хандаарай. Эцэст нь шилж авсан зорилгуудаасаа хамгийн гол, бусад зорилгуудыг чинь биелэх нөхцлийг хангаж чадахуйц ганцхан зорилгыг онцгойлон дугуйлаарай.
2. Амьдралыг чинь өөрчлөх зорилгодоо хүрэх төлөвлөгөө гарга
Matt өөрөө энэ аргыг 16 настай, мансууруулах бодисын донтолтоос гаргах эмчилгээгээ дөнгөж дуусгаж байхдаа анх хэрэглэжээ. Тэрбээр өөртөө тавьсан олон зорилгуудаас амьдралыг нь өөрчилж, бусад зорилгуудаа биелүүлэх боломжоор хангах хамгийн том зорилго бол Америк хөл бөмбөгийн шилдэг тамирчдад олгодог их сургуулийн тэтгэлэг авах гэж тодорхойлжээ.
Энэ мэтээр амьдралыг чинь өөрчлөх зорилгоо тодорхойлсны дараа шилдгийн шилдэг болж чадсан хүмүүсийг дундаж нэгнээс ялгаруулдаг дараагийн алхмыг хийгээрэй. Энэ бол хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилтыг дэвшүүлэх.
Ихэнх хүмүүс тавьсан зорилгодоо яаж хүрэх аргаа мэдэхгүй, нухацтай бодож үздэггүй. Харин та Matt-ын зөвлөсний дагуу нарийвчлан төлөвлөж чадвал нийгмийн цөөхөн хувийг эзэлдэг манлайлагчдын эгнээнд орох магадлалаа эрс нэмэгдүүлж чадна.
Жилийн хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилт бүхий нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа он гарангуут өдөр дутмынхаа хийх ажлын жагсаалтанд жилийн төлөвлөгөөнөөсөө 1-2-ыг оруулаарай. Ажлынхаа төлөвлөгөөг ингээд гаргачихсан хүн чинь өдөр бүр тууштай хөдөлмөрлөөд, хичээгээд байж дээ.

Wednesday, February 1, 2017

Амжилттай төлөвлөгөө зохиох энгийн 10 алхам

Төлөвлөгөө бол амжилтын нэг хэсэг. Аливаа зорилгыг амжилттай биелүүлэхийн тулд зайлшгүй хэрэг болох зүйл бол эргэлзээгүй төлөвлөгөө юм.  Үүнийг ихэнх хүмүүс мэддэг боловч хэрхэн төлөвлөгөөг зөв, үр нөлөөтэй зохиох вэ? гэдэг асуудалтай үргэлж тулгарч байдаг. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ бид үр нөлөөтэй төлөвлөгөө зохиох хамгийн энгийн 10 алхмыг толилуулж байна.

#1. Хаашаа явж байгаагаа үргэлж мэддэг бай

Бүхий л амжилттай явж байгаа лидерүүд, манлайлагчид, салбартаа тэргүүлэгчид хэрвээ чи хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол, хамгийн зөөлөн салхинд ч хамхуул адил хийснэ” гэдгийг маш сайн ойлгосон байдаг. Тиймээс ямарваа нэгэн зорилгоо биелүүлэхийн тулд юун түрүүнд өөрөө өөрийгөө сонсож, хүсэл мөрөөдлөө тодорхойлох хэрэгтэй.
“Хүмүүс юу хүсдэгээ мэддэг хүнд илүү их хүндэтгэл үзүүлдэг”
Anna Wintour/Vogue сэтгүүлийн ерөнхий редактор

#2. Тодорхой бай

Дан ганц зорилгоо төдийгүй та өөрийнхөө хүсэж буй бүх зүйлээ тодорхой болгох хэрэгтэй.
Өглөө бүр ямар байшинд сэрж, ямар машинаар компани уруу явж, хэнтэй хамт оройн зоог барьж, маргааш нь хэрхэн хувцаслаад хаашаа явах вэ? гэх мэт өөрийн хүсэж буй амьдралын хамгийн энгийн нэг өдрийг ч ямар байгаасай гэж бодож байна вэ.. Бүгдийг нь тодорхой болго, сэтгэлдээ төсөөл. Тэгээд хамгийн чухал нь тэр бүхнийг бий болгохын тулд ямар алхмуудыг хийх вэ? гэдгээ тодорхой болго.
“Хэрэв над дээр нэг нь 5 жилийн дараа хаана, хэрхэн хүрэхээ мэддэг боловч боловсролгүй; нөгөө нь 5 жилийн дараа хаана байхаа тодорхой мэдэхгүй байгаа ч Харвардын дипломтой 2 хүн ажилд орохыг хүсээд ирвэл би эхний хүнийг нь сонгоно”
Leighanne Levensaler/Дэлхий хамгийн нөлөө бүхий хүний нөөцийн менежер

#3. Зорилго бүрдээ хэмжиж болохуйц тодорхой заалтуудыг оруул

Өдөр бүр маш урт замыг тодорхой хугацаанд гүйж бэлтгэл хийдэг тамирчин ба өдөр бүр 3 цагийн турш 45 км замыг туулж, 2 цаг амраад дахин нэг цаг ойрын зайн гүйлт хийдэг цагийн хуваарьтай 2 тамирчны 2 дахь нь бэлтгэлдээ илүү их ач холбогдол өгч, илүү их сэтгэл ханамж аван мөн тэр хэрээрээ илүү их амжилтыг үзүүлж чадна. Учир нь тэрээр өөрийгөө юу хийж, хаана байгаагаа хэмжиж чадаж байна. Түүнийхээ хэрээр төлөвлөгөөгөө биелүүлэхдээ илүү урам зоригтойгоор, зорилгодоо хүрэх итгэлтэйгээр ажиллах болно.
“Хэмжүүр энэ бол хүнийг хөдөлгөх хамгийн энгийн зүй тогтол юм”

#4. Жагсаалт гарга

Ямар ажлыг хэзээ, хэрхэн хийхээ шийдсэн бол одоо өдөр тутмын жагсаалт гаргаж сурах хэрэгтэй.
“Жагсаалт гаргаснаар би өдөр бүр өөрөө өөртөө зарцуулах цагийг гаргаж чаддаг”
Beyonce/ дуучин, жүжигчин, дуу зохиогч 

#5. Ажлаа хэцүүгээс нь эхэл

Хамгийн чухал ажил хамгийн бэрх байх нь олонтаа. Тиймээс уг ажлуудаа хамгийн түрүүнд хийж, аажим аажмаар амар ажлууд уруу шилжиж байхаар өдөр тутмын үйл ажиллагааныхаа жагсаалтыг гарга. Ингэх нь танд хамгийн хэцүү, хамгийн чухал ажлуудаа дуусгах боломжийг олгоно. Хэцүү гэж бодож байгаа зүйлээ хийхээс халшраад хойш тавиад л байх юм бол та хэзээ ч зорилгоо биелүүлж чадахгүй. Тиймээс зүгээр л шуудхан эхэл..
“Яг одоо 15 секундийн дотор эхэлчхэж болох боловч халшраад хийгээгүй ажлаасаа болоод та 15 жилийн дараа харамсаж магадгүй юм шүү.”

#6. Ажлаа цагийн хуваарьтай болго

Төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг бол цагийн хуваарь юм. Үргэлж цагийн хуваарьтайгаар ажиллаж чадвал та илүү их ажлыг, илүү бага хугацаанд өндөр үр дүнтэйгээр амжуулж чадна.
“Цагийг хий дэмий үрэгчид л өдрийг богинохон байдагт гомдоллож байдаг. Хэрвээ цагаа уртасгамаар байвал цагийн хуваарьтайгаар ажиллаж сур.”
Доналд Трамп/ Үл хөдлөх хөрөнгийн магнат

#7. Одоо төлөвлөгөөгөө нүдэнд харагдахуйц биет хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй

Өөрөөр хэлбэл тэмдэглэл хөтөл. Төлөвлөгөөний дэвтэртэй болж, өөрийн үйл ажиллагаагаа албан ёсоор ажил хэрэг болго. Нэгэнт хүрэхээр шийдсэн бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Төлөвлөгөөний дэвтэртэй болсноор та зорилгодоо илүү нухацтай хандаж эхлэх болно. Эсвэл та цахим календарь ашигласан ч болно.
“Оюун санаанд байгаа зорилгоос цаасан дээр буулгасан зорилгын биелэгдэх магадлал хамаагүй өндөр байдаг.”

#8. Бусад ажлуудаа ч мартаж болохгүй

Зайлшгүй хийх хэрэгтэй ч таны зорилгод төдийлөн нөлөөлөхгүй ажлууд мэдээж байдаг. Жишээ нь гэрээ цэвэрлэх, хоолоо хийх гэх мэт. Түүнчлэн хүн л юм чинь бидэнд амрах, найз нөхөдтэйгөө зугаалах, дуртай киногоо үзэх зэрэг амьдралын баяр баясгаланг мэдрүүлсэн зүйлсэд цаг зарцуулах шаардлага, хүсэл гарч л таарна. Хэдийгээр зорилго төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулах хэрэгтэй ч амралтаа ч мөн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгохоо бүү мартаарай. Эс тэгвэл та хий дэмий л өөрөө өөрийгөө зовоож байгаа мэт санагдан сүүлдээ төлөвлөгөөгөө дагахаас бага багаар халширч эхлэх болно. Тиймээс алтан дунджийг баримтлан, амрах боломжийг өөртөө олгох хэрэгтэй.
“Ихэнх хүмүүс төлөвлөгөөг аймшигтай, хатуу, уйтгартай нэгэн хэмнэлд оруулдаг зүйл гэж ойлгодог. Харин миний хувьд төлөвлөгөө бол хэрхэн зугаатайгаар зорилгодоо хүрэх замыг зурсан зураг юм даа. Учир нь би амралтаа ч мөн төлөвлөж чаддаг.”
Phnom Penh/ Архитектур, уран барималч

#9. Хамгийн чухал нь: ҮЙЛ АЖИЛЛАГАА

Та юунд, хэрхэн, хэдий хэмжээгээр ажиллаж, хэзээ хүрэхээ мэддэг боллоо. Түүнчлэн энэ бүх төлөвлөгөөгөө тэмдэглэсэн дэвтэртэй ч боллоо. Одоо харин хамгийн чухал зүйл болох тэвчээртэй ажиллах хэсэг рүү орно уу!!!
Ихэнх хүмүүс төлөвлөгөө бол өмнө дурдсан алхмуудын нэгдэл гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл цаасан дээр маш сайхан эмх цэгцтэйгээр бодож байсан зүйлсээ тэмдэглээд зорилгодоо хүрнэ гэж буруу ойлгоцгоодог. Үнэн хэрэгтээ энэ бүхэн бол ердөө л эхлэл юм. Төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол үйл ажиллагаа, үйл ажиллагаагаа тасралтгүйгээр үргэлжлүүлэх тэвчээр, хатуужил юм. Англи хэл сурахын тулд өдөрт 50 үг цээжилнэ гэж тэмдэглэлээ гээд та тэдгээр үгсийг цээжилж чадахгүй. Харин уг тэмдэглэлээ үйл ажиллагаагаар амьдруулж өгөх хэрэгтэй. 50 үг цээжилнэ гэсэн бол цээжилж байж таны төлөвлөгөө сая амьд болж байна гэсэн үг.
“Амжилтыг худалдаж авахын тулд тэсвэр тэвчээрийг төлбөр болгон өгөх хэрэгтэй.”

#10. Төлөвлөгөөндөө үнэнч бай

Хайртай хүндээ үнэнч байдгийн адилаар төлөвлөгөөндөө ч мөн адил хандах хэрэгтэй. Үр дүнг нь үзэхээс нааш, үйл ажиллагаагаа хийж дуусгахаас нааш төлөвлөгөөгөө өөрчилж, хойшлуулж, дахин шинээр төлөвлөгөө зохиож эргэж буцаж хэрхэвч болохгүй. Төлөвлөгөөндөө чин үнэнчээр хандах хэрэгтэй. Гэхдээ мэдээж төлөвлөгөөгөө үндсээр нь өөрчлөхгүйгээр багахан хэмжээгээр уян хатан хандаж болно шүү дээ.
Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байгаа тодорхой бус байдлыг арилгахыг хүсвэл маш сайн төлөвлөгч бай. Мөн төлөвлөгөөндөө үнэнч бай. Ирээдүй чинь таны хүссэнээр өөрчлөгдөх болно.
Дейл Карнеги/ Олон улсын хувь хүний хөгжлийн шилдэг ментор
Амжилтад хүрэхийг хүсэж буй танд зорилго, төлөвлөгөө, тэсвэр тэвчээр гурав зайлшгүй байх хэрэгтэйг дахин сануулъя. Энэ гурав байгаа цагт та угтан ирж буй ирээдүйдээ итгэлтэйгээр, инээмсэглэн нүүр тулах болно.
Танд төлөвлөгөө гаргахдаа мөрддөг өөр зарчим бий юу? Түүнийгээ бидэнтэй хуваалцаарай.